Технологи

ATM-д асуудал гарсны дараа биш, гарч байх үед нь мэдвэл?

ATM дээр илрүүлэх, мэдэгдэх, шалгах, хариу арга хэмжээ авах, тэмдэглэх, эргэн хянах нь нэг мөчлөг болно. Milesight камер, Nx Witness, чанга яригчийн жишээгээр.

  • Зохиогч Б.Энхтайван
  • Нийтэлсэн
  • Шинэчилсэн
  • 7 минут унших
Шөнийн цагт гадна байрлалтай ATM-ийн өмнө мөнгө авч буй хүн, машины дээр таазны хяналтын камер харагдана

Хяналтын камерыг хүмүүс бичлэг ухрааж үзэх хэрэглээ давамгайлсаар байна. Харин үйл явдал өнгөрсөн хойно хариу үйлдэл үзүүлэх хандлага түгээмэл.

Шөнийн 02:14 цагт бэлэн мөнгөний автомат төхөөрөмжийн (ATM) өмнө нэг хүн ирлээ гэж бодъё. Камер түүнийг харж, бичлэг хийсээр байгаа. 02:17 минут болоход тэр хүн ATM ашиглахгүйгээр нэг газраа удаан саатсан, тойрч явсан хэвээр байв. Камер үүнийг ч бас бичиж үлдээлээ.

Маргааш өглөө ямар нэг асуудал мэдэгдэж, бичлэгийг буцааж үзвэл бүх зүйл тэнд бичгдсэн бий. Тэр хүн хэдэн цагт ирсэн, хаана зогссон, хэр удаан саатсан, дараа нь юу хийснийг бичлэгээс сэргээж болно. Өөрөөр хэлбэл камер ажлаа хийжээ.

Гэхдээ нэг асуулт үлдэнэ. Тэр үйл явдал болж байх үед хэн нэгэн мэдсэн үү? Ямар нэгэн хариу арга хэмжээ авсан уу?

Гэрэлтүүлэгтэй гадна ATM-ийн өмнө шөнийн цагт мөнгө авч буй хүн, машины дээр таазны хяналтын камер суурилуулсан байна
Шөнийн ATM — камер байрандаа байна. Асуулт нь камер юу харснаа хэнд, хэзээ хэлэх вэ гэдэгт.

Орчин үеийн видео хяналтын системийн үнэ цэнэ яг эндээс эхэлнэ. Камерын үүрэг зөвхөн болсон явдлыг бичиж хадгалах биш. Анхаарах шаардлагатай нөхцөл бий болж байх үед нь илрүүлж, операторт яаралтай мэдэгдэж, нөхцөл байдлыг шалгах боломж өгөх хэрэгтэй.

Шаардлагатай бол оператор тухайн газарт байгаа хүнтэй шууд харилцаж, харуул хамгаалалтын багт мэдээлэл хүргэж. Үйл явдал дууссаны дараа ч холбогдох бичлэгийг тэмдэглэн үлдээж, дараа нь эргэн хянах боломжтой, хурдан хайх боломжтой байх ёстой.

Ингэснээр камерын систем зөвхөн “юу болсон бэ?” гэдгийг харуулдаг биш, “яг одоо юу болж байна, бид юу хийх хэрэгтэй вэ?” гэдэгт хариулдаг болно.

Олон камер тавих нь асуудлыг шийдэхгүй

ATM нь банкны салбараас өөр орчин. 24 цаг ажиллана. Зарим ATM тусдаа жижиг өрөөнд, зарим нь худалдааны төвд, зарим нь гадна талбайд байрлана.

Байршил бүр дээр хамгаалалтын ажилтан суулгах боломжгүй. Тиймээс банк олон ATM, салбар, үйлчилгээний цэгээ нэг хяналтын төвөөс хянах шаардлагатай болдог.

Энд нэг энгийн бэрхшээл гарч ирнэ. Камерын тоо нэмэгдэх тусам дүрс нэмэгдэнэ. Харин операторын анхаарал нэмэгдэхгүй. 10 камер нэг хэрэг. 100 камер тэс өөр. Хэдэн зуун камер болоход оператор бүх дэлгэцийг мөч бүрд ижил анхааралтай ажиглана гэдэг нь бодитой биш.

Шөнийн хяналтын төв: олон камерын дүрс харуулсан дэлгэцүүдийн өмнө оператор сууж, гар утсаа харж байна
Дэлгэцийн тоо нэмэгдэхэд операторын анхаарал нэмэгддэггүй. Тиймээс камер өөрөө хаашаа харахыг хэлэх хэрэгтэй болдог.

Тиймээс “дахиад хэдэн камер нэмэх вэ?” гэхээсээ өмнө өөр асуулт тавих хэрэгтэй. Оператор бүх камерыг байнга харах ёстой юу? Эсвэл камер өөрөө анхаарах шаардлагатай мөчийг операторт хэлдэг байх ёстой юу?

Камер анхаарах шаардлагатай нөхцөлийг өөрөө илрүүлбэл

Энд Milesight-ийн камер дээр ажилладаг дүрсний аналитик хэрэг болно. ATM-д хүн орж ирэх нь өөрөө асуудал биш.

Харин тухайн хүн урьдчилан тогтоосон хэсэгт хэвийн хэмжээнээс удаан саатвал яах вэ? Хориотой бүсэд орвол? Тодорхой шугам давбал? Камерын харах орчныг хаах, өөрчлөх оролдлого гарвал? Эдгээрийг операторын анхаарах шаардлагатай нөхцөл болгон тохируулж болно.

Milesight-ийн дүрсний шинжилгээ нь удаан саатах, хориотой бүсэд нэвтрэх, бүсээс гарах, шугам давах, камерын дүрсийг хаах, эд зүйл орхих эсвэл авч явах зэрэг нөхцөлийг илрүүлэх боломжтой.

Milesight-ийн аналитик замын дүрс дээр тээврийн хэрэгсэл болон хүнийг тусад нь хүрээлж, төрөл, малгай, хувцасны өнгө зэрэг шинжийг нь хажууд нь харуулж байна
Дүрсний шинжилгээ объектыг зөвхөн илрүүлэхгүй, хүн ба тээврийн хэрэгслийг ялган ангилна. Эх сурвалж — Milesight MSense AI.

Илрүүлсэн мэдээллийг зөв хүнд хүргэх нь

02:17 цагт ATM-ийн тодорхой хэсэгт хүн тохируулсан хугацаанаас удаан саатлаа. Milesight камер үүнийг илрүүлж, дохио үүсгэнэ.

Гэхдээ ухаалаг камер дангаараа хамгаалалтын систем биш. Илрүүлсэн мэдээлэл нь зөв хүндээ хүрэхгүй бол камерын шинжилгээний ач холбогдол тэндээ дуусна.

Энд Nx Witness хэрэг болно. Үндсэн ажиллагаа нь: Milesight камер → Илрүүлэлт → Nx Witness → Мэдэгдэл → Оператор гэсэн дараалалтай.

Milesight камерын дүрсний шинжилгээнээс үүссэн дохиог Nx Witness-ийн дүрэмтэй холбож болно. Тохируулсан нөхцөл үүсэхэд Nx Witness операторт мэдэгдэнэ.

Ингэснээр оператор олон жижиг дүрснээс асуудлыг өөрөө хайх шаардлагагүй. Систем аль ATM дээр анхаарах шаардлагатай нөхцөл үүссэнийг зааж өгнө. Оператор тухайн камерын шууд дүрсийг нээж, юу болж байгааг шалгана.

Зүүнээс баруун тийш нэг гинж. Объект дээр: Milesight камер edge analytics-ээр үйл явдлыг илрүүлнэ. Төвд: Nx Witness event-ийг Event Rules-ийн дагуу операторт мэдэгдэнэ, оператор live дүрсийг шалгана. Объект дээр: speaker дуут сануулга өгнө. Төвд: үйл явдал Bookmark болж үлдэж, маргааш нь аудитад ашиглагдана.

Үндсэн урсгал — объект дээр камер ба чанга яригч, төвд Nx Witness, оператор, Bookmark.
Nx Witness-ийн desktop клиент олон камерын шууд дүрсийг нэг layout дээр харуулж байна
Nx Witness клиент — олон байршлын камер, дохиог нэг дэлгэцэд. Ижил layout гар утас, таблет дээр давхардана.

Энд технологийн ажиглалтаас хүний үнэлгээ, шийдвэрт шилжих чухал зааг бий. Камер саатлыг анзаарна. Харин оператор нөхцөл байдлыг үнэлж, ямар арга хэмжээ авахыг шийднэ. Учир нь АТМ-ын дэргэд гурван минут саатсан хүн бүр аюул учруулж байгаа гэсэн үг биш. Тухайн хүн АТМ ашиглахад хүндрэлтэй тулгарсан эсвэл хэн нэгнийг хүлээж байгаа байж болно. Мөн үнэхээр хамгаалалтын арга хэмжээ авах шаардлагатай нөхцөл үүссэн ч байж болно.

Тиймээс дүрсний шинжилгээний зорилго нь хүнийг орлох бус, шийдвэр гаргахад нь хэрэгтэй мэдээллийг зөв цагт нь хүргэх явдал юм.

Оператор газар дээр нь шууд сануулга өгч болно

Оператор камерын шууд дүрсийг шалгаад, анхаарал хандуулах шаардлагатай нөхцөл үүссэн гэж үзлээ. Гэвч хамгаалалтын ажилтан тухайн АТМ-д очиход хугацаа хэрэгтэй. Энэ хооронд ямар арга хэмжээ авч болох вэ?

Өөр дээрээ микрофон болон чанга яригчтай Milesight камер суурилуулсан бол оператор Nx Witness-ээр дамжуулан тухайн орчинд байгаа хүнтэй ярьж болно. Тухайлбал, хамгаалалтын ажилтан очихоос өмнө “Та энэ хэсгийг чөлөөлнө үү” гэж сануулах боломжтой. Камерын чанга яригчийн дуу тухайн орчны хэмжээ, шуугианаас шалтгаалан хүрэлцэхгүй бол нэмэлт чанга яригч ашиглаж болно. Учир нь Milesight-ийн бүх камер SIP протокол дэмждэг.

Milesight IP чанга яригчийн урд талаас харсан зураг — дуу тараах эвэр хэлбэрийн их бие, дотор талд нь микрофон
Milesight IP чанга яригч. Сүлжээгээр холбогдож, PoE-гээр тэжээгддэг, микрофонтой тул яриа хоёр тал руу явна. Эх сурвалж — Milesight.

Ингэснээр камерын систем шат дараатай ажиллана. Камер дүрсийг авна. Дүрсний шинжилгээ анхаарал хандуулах шаардлагатай нөхцөлийг илрүүлнэ. Nx Witness платформ операторт мэдэгдэнэ. Оператор дүрсийг шалгаж, чанга яригчаар сануулга өгнө. Шаардлагатай бол хамгаалалтын баг арга хэмжээ авна. Гэхдээ үйл явц үүгээр дуусахгүй.

Чухал бичлэгийг дараа нь хурдан олох нь

Шөнө үүссэн нөхцөл байдлыг оператор шийдвэрлэсэн гэж бодъё. Тухайн хүний ээлж дууссан, харуул хамгаалалтын баг ч арга хэмжээ авсан. Харин маргааш өглөө нь аюулгүй байдлын менежер уг тохиолдлыг эргэн шалгах шаардлагатай болов.

Яг юу болсон бэ? Камер хэдэн цагт дохио өгсөн бэ? Ямар бичлэгийг дахин үзэх хэрэгтэй вэ? Авсан арга хэмжээ зөв байсан уу?

Энэ үед олон цагийн бичлэгийг эхнээс нь үзэж, тухайн мөчийг хайх шаардлагагүй. Nx Witness-ийн ухаалаг хайлт болон Bookmark функц энд хэрэг болно. Оператор үйл явдлын эхлэл, төгсгөлийг тэмдэглэж, нэр, тайлбартай нь хадгалсан бол аюулгүй байдлын менежер ганцхан товшилтоор болсон явдлыг эргэн хянах боломжтой.

Ингэж тэмдэглэсэн бичлэгийн хэрэгцээ тухайн шөнөөр дуусахгүй. Bookmark-ийн тусламжтайгаар операторын шалгасан хэсгийг маргааш нь аюулгүй байдлын менежер шууд олж үзнэ. Хожим дотоод хяналт хийх, уг тохиолдлыг нягтлан шалгах шаардлага гарвал мөн тэр бичлэгийг ашиглаж болно. Учир нь bookmark хийгдсэн видео автоматаар устахгүй ба камерийн ердийн бичлэгнээс тусдаа хадгалагдаж үлддэг.

Ингээд нэг үйл явдал: Илрүүлэх → Мэдэгдэх → Шалгах → Хариу арга хэмжээ авах → Тэмдэглэх → Эргэн хянах гэсэн бүтэн мөчлөгтэй болно.

Зургаан алхам дараалан явна. 1. Илрүүлэх — камер дээрх дүрсний шинжилгээ тохируулсан нөхцөлийг олно. 2. Мэдэгдэх — Nx Witness дүрмийн дагуу операторт хүргэнэ. 3. Шалгах — оператор шууд дүрсээр нөхцөл байдлыг үнэлнэ. 4. Хариу арга хэмжээ авах — чанга яригчаар сануулж, шаардлагатай бол хамгаалалтын багт мэдэгдэнэ. 5. Тэмдэглэх — холбогдох бичлэгийг Bookmark болгоно. 6. Эргэн хянах — маргааш нь тэмдэглэснээрээ шууд буцаж орно.

Нэг үйл явдлын зургаан алхам. Алхам бүр өмнөхөөсөө үүдэлтэй, аль нь ч дангаараа систем болохгүй.

Нэг үйл явдлыг эхнээс нь дуустал харъя

Одоо дээрх дарааллыг нэг жишээгээр харъя.

  1. 02:14

    Хүн ATM-ийн хэсэгт орж ирнэ. Milesight камер бичиж, дүрсний шинжилгээ хэвийн ажиллаж байна.

  2. 02:17

    Тухайн хүн урьдчилан тогтоосон бүсэд тохируулсан хугацаанаас удаан саатав. Камер илрүүлж, дохио үүсгэнэ.

  3. 02:17:01

    Nx Witness дохиог хүлээн авч, тохируулсан дүрмийн дагуу операторт мэдэгдэнэ.

  4. 02:17:05

    Оператор тухайн ATM-ийн шууд дүрсийг нээж, нөхцөл байдлыг шалгана.

  5. 02:17:15

    Шаардлагатай бол оператор камерын чанга яригч эсвэл нэмэлт чанга яригчаар дуут сануулга өгнө.

  6. 02:18

    Нөхцөл үргэлжилбэл гэрээт хамгаалалтын компанид мэдээлэл хүрч, газар дээр нь арга хэмжээ авна. Дараа нь холбогдох бичлэгийг Bookmark болгон тэмдэглэнэ.

  7. Маргааш 09:00

    Аюулгүй байдлын менежер Bookmark-оор бичлэг рүү шууд орж, юу болсон, ямар арга хэмжээ авсныг эргэн хянана.

Нэг шөнө, нэг машин. Цаг бүрийн хажууд хэн юу хийснийг харуулав.

Ингэхэд камерын бичлэг зөвхөн нотлох материал биш. Хамгаалалтын ажиллагааг эргэн харах баримт болж үлдэнэ.

Банк болон гэрээт хамгаалалтын компани нэг систем дээр ажиллаж болно

Банк өөрийн хяналтын төвтэй атлаа гэрээт харуул хамгаалалтын компанийн үйлчилгээ авдаг тохиолдол бий. Энэ үед хоёр байгууллага нэг камерын систем дээр ажиллах шаардлага гарна.

Гэхдээ гэрээт компанид банкны бүх камер, бичлэг, тохиргоонд хандах эрх олгох хэрэггүй. Nx Witness-ийн эрхийн удирдлагаар хэрэглэгч бүрийн үзэх камерыг зааж, шууд дүрс, архивын бичлэг үзэх болон Bookmark ашиглах эрхийг тус тусад нь тохируулж болно.

Жишээлбэл, банк хяналтын төвөөсөө нийт системийг удирдаж байхад гэрээт компанид зөвхөн хариуцсан АТМ-уудынхаа камерыг хянахад шаардлагатай эрхийг олгож болно. Ингэснээр банк нийт системдээ хяналт тавьж, гэрээт компани өөрийн хариуцсан объектуудыг давхар хянана.

Гол нь нэг камерын дүрсийг хэдэн хүн үзэж байгаад бус, хүн бүр үүрэгтээ тохирсон камерт зохих эрхээр хандаж байгаад оршино. Мөн audit trail буюу үйлдлийн бүртгэлээр хэрэглэгч бүрийн системд хийсэн үйлдлийг эргэн шалгах боломжтой. Ингэснээр банк хэнд ямар эрх олгосноо хянахаас гадна тухайн эрхийг хэрхэн ашигласныг баримтад тулгуурлан нягталж чадна.

Хоёр байгууллага нэг Nx Witness рүү холбогдоно. Банкны хяналтын төв нийт системээ удирдана. Гэрээт хамгаалалтын компани зөвхөн өөрийн хариуцсан ATM, камеруудад шаардлагатай түвшний хандалттай. Эрхийг Nx Witness-ийн user болон permission management-ээр зохион байгуулна.

Нэг Nx Witness, хоёр байгууллага. Ялгаа нь хэн юуг харахад биш, ямар эрхээр хандахад байна.

Нэг камерын цаана хэд хэдэн хамгаалалтын давхарга ажиллана

Ингээд ATM-ийн нэг камерын цаана бүхэл бүтэн ажиллагааны дараалал бий болж байна. Milesight камер газар дээр нь харна. Камер дээрх дүрсний шинжилгээ анхаарах шаардлагатай нөхцөлийг илрүүлнэ. Nx Witness мэдээллийг төвлөрүүлж, операторт мэдэгдэнэ. Банкны оператор нөхцөл байдлыг шалгана. Шаардлагатай бол гэрээт хамгаалалтын баг өөрийн хариуцсан объектоо давхар хянана. Чанга яригчаар тухайн орчинд шууд сануулга өгч болно. Bookmark ашиглан чухал бичлэгийг дараагийн өдрийн хяналт, дотоод шалгалтад зориулан тэмдэглэж болно.

Гол өөрчлөлт


“Камер + бичлэг”-ээс “илрүүлэлт + хүн + хариу арга хэмжээ + эргэн хяналт” руу

Энд нэг төхөөрөмжийн олон боломжийг зүгээр жагсаагаад байгаа юм биш. Илүү том өөрчлөлт явагдаж байна. Видео хяналт “камер + бичлэг” гэсэн ойлголтоос “илрүүлэлт + хүн + хариу арга хэмжээ + эргэн хяналт” гэсэн ажиллагаа руу шилжиж байна.

Камерын системийг өөр асуултаар хэмжих цаг

Хяналтын камерын системийг: “Бичлэг байгаа юу?” гэж хэмжихэд амархан. Гэхдээ ATM шиг хариуцлага өндөртэй орчинд энэ асуулт дангаараа хангалтгүй.

Үүний оронд: Асуудлыг хэр хурдан илрүүлсэн бэ? Зөв операторт хэр хурдан мэдэгдсэн бэ? Оператор нөхцөл байдлыг шууд шалгаж чадсан уу? Шаардлагатай үед газар дээр нь сануулга өгч чадсан уу? Гэрээт хамгаалалтын баг зөвхөн өөрийн хариуцсан камеруудаа давхар хянаж чадсан уу? Дараа нь тухайн үйл явдлыг хурдан олж, эргэн хянаж чадсан уу? гэдэг асуултууд илүү чухал болж байна.

Сайн видео хяналтын системийн зорилго нь илүү олон дэлгэцтэй болох биш. Илүү олон камер тавих ч дангаараа хангалтгүй. Харин анхаарах шаардлагатай үйл явдлыг зөв мөчид илрүүлж, зөв хүнд хүргэж, хариу арга хэмжээ авах хугацааг богиносгоод, дараа нь юу болсныг эргэн хянах боломжтой байлгах явдал юм.

Камер юу харсан бэ гэдэг чухал. Харин хамгаалалтын системийн хувьд үүнээс илүү чухал нэг асуулт бий. Камер харсан тэр мөчөөс хойш байгууллага хэр хурдан ажилласан бэ?

Бидэнтэй холбогдоорой.

Бидэнтэй холбогдох

Төсөл, технологийн хэрэгцээгээ хэлээрэй. Тохирох шийдлийг хамтдаа сонгоё.

Дээш буцах