Технологи
Илүү мегапиксель = илүү сайн гэж үү?
Хяналтын камер сонгохдоо нягтралыг ганц шалгуур болгодог. Гэвч камер бол түүнээс илүү олон шалгуур тавьж сонгох ёстой юм.

Манайхан одоо ер нь хяналтын камер сонгохдоо нягтралыг ганц л шалгуур болгодог болж. 2MP-оос 4MP камер сайн гэх мэт. Тэгэхээр бодит байдлыг авч үзье.
Нягтрал ба орон зайн хэмжээ
Камерийн нягтаршил болон харах орон зай хоёр шууд хамааралтай. Жижиг талбайд тавихад нягтралын зөрүү бид нар таних боломжгүй. Хүмүүс шууд дүрс тод харагдаж байвал ёстой супер байна гээд л өнгөрнө. Харин бодит байдал дээр хэдэн мм-ийн линз ашиглахаас хамаараад фокусын цэг нь өөр байдаг.
Хэдүүлээ нэгхэн тэгш дөрвөлжин ямар нэгэн багана, догол байхгүй танхим гэж төсөөлөе л дөө. Ганцхан ширхэг 2MP (1080p) камер нь жижиг талбайнуудад — ойролцоогоор 40 м² талбайд тохиромжтой. Анги танхим, цэцэрлэг эсвэл оффист ашиглахад хангалттай сайн чанартай дүрс өгдөг бөгөөд аюулгүй байдал, хяналтад шаардлагатай бүх мэдээллийг өгнө. Эсрэгээрээ 100м2 том талбайд өндөр 6МП эсвэл 8МП камер тавиад бүгдийг нь харна гэж байхгүй. 100 м² талбайг нэг ширхэг 6MP/8MP камер өндөрт тавиад “бүх хэсгийг чанартай хянана” гэж үзэх нь буруу. Камерын MP өндөр байх нь зөвхөн нийт пикселийн тоо нэмэгдэж байгаа хэрэг. Бодит хяналтын чанарыг линзний өнцөг, камерын өндөр, объект хүртэлх зай, гэрэлтүүлэг, пикселийн нягтрал (px/m), сохор бүс гээд олон асуудал яригдана.
Жишээлбэл 10×10 м орчим талбайг нэг 8MP камераар маш өргөн өнцгөөр бүхэлд нь багтааж болно. Гэхдээ тэр нь ихэвчлэн overview буюу “хүн явж байна, хөдөлгөөн болсон” гэдгийг харахад сайн. Харин нүүр таних, гар дээрээ юу барьсныг харах, кассын мөнгө тоолох, барааны жижиг үйлдлийг ялгах шаардлагатай бол нэг камерын пиксел бүх талбайд тараад деталь хүрэлцэхгүй болдог.
Тиймээс зөв шийдэл нь ихэвчлэн “нэг өндөр нягтаршилтай камер” биш, зориулалтаар нь хэд хэдэн камер байрлуулах байдаг. Жишээ нь 100 м² талбайд ерөнхий дүрс авах 1–2 камер дээр нэмээд орц/гарц, касс, үнэт бараа зэрэг чухал цэгүүдэд тусгай ойрын өнцгийн камер тавих нь илүү үр дүнтэй.
Өөрөөр хэлбэл 8MP ≠ бүхнийг харна. Харин зөв байршил + зөв линз + шаардлагатай px/m + давхардсан харах өнцөг нийлж байж сайн систем болно.
Царай танихад зөвхөн мегапиксель биш
2 МП-ийн камер ч зөв байрлалд суурилуулж, харах өнцгийг нь тохируулбал хүний царайг тод харах боломжтой.
Жишээ нь 2.8 мм линзтэй 2MP камерын харах өнцөг (90–100°) нь 3–5 метрийн доторх царайг маш тод харуулна — анги танхим, коридор эсвэл орох хаалганы хэсэгт төгс тохирно.

FOV (Field of View) ба суурилуулалт илүү чухал
2.8 мм линзтэй камерыг 2.5 метрийн өндөрт суурилуулсан үед 5–6 метрийн зайд 10–12 метрийн өргөн хэсгийг хамарна. Жижиг орон зайд ийм тохиргоо нь 2MP камер хүртэл царайг тодорхой харуулж, өндөр нягтрал шаардлагагүй гэсэн үг юм.

Линзний фокус зай нь харах өнцгийг шийднэ. Харин тухайн зайд юу харагдахыг өнцөг, нягтрал, зорилго гурав хамтдаа шийднэ.
| Линз | Харах өнцөг | Царай таних · 22 px | Дугаар унших · 150 px |
|---|---|---|---|
| 2.8 мм | 100° | 2.4 м | 2.8 м |
| 3.6 мм | 85° | 3.1 м | 3.6 м |
| 6 мм | 60° | 4.9 м | 5.8 м |
| 8 мм | 45° | 6.8 м | 8.0 м |
| 12 мм | 30° | 10.6 м | 12.4 м |
| 16 мм | 20° | 16.1 м | 18.9 м |

Хүснэгтээс гурван зүйл харагдана.
Нэгд, улсын дугаарыг царайнаас хол зайнаас уншиж болно. Учир нь дугаар нь хүний нүдний хоорондын зайнаас найм дахин том объект — ижил тооны pixel илүү хол зайд ногдоно.
Хоёрт, нягтралыг нэмэх нь зайг уртасгадаг ч бодож байгаа шиг тийм ихээр биш. Pixel-ийн тоо талбайгаар нэмэгддэг тул зай нь зөвхөн квадрат язгуураар уртасна: 2MP-оос 4MP руу шилжихэд ойролцоогоор 1.3 дахин, 8MP руу шилжихэд 2 дахин. Дөрөв дахин биш.
Гуравт, эдгээр нь аналитикийн шалгуур. Дэлгэц ширтэж буй хүн танил хүнээ таних нь алгоритмаас хамаагүй бага pixel шаарддаг — тиймээс "камер дээр хүн харагдаж байна" гэдэг нь "аналитик царайг таньж чадна" гэсэн үг биш.
Зорилгодоо төвлөрөх
Нэг камер тавьчихаад бүх юмыг төгс харах боломжгүй. Камер болгон өөрийн зорилготой.
Жишээ нь LPR — машины улсын дугаар таних — д ихэвчлэн 2MP камер, нарийн линз ашиглаж зөвхөн дугаарт төвлөрдөг. Царай таних аналитик хийх бол хүний царай хэдэн pixel-д харагдахыг тооцно: хоёр нүдний хооронд хамгийн багадаа 22 pixel, машины дугаар бол дугаарын өргөн 100–150 pixel байх ёстой гэх мэт.

Анхны өртөг болон урсгал зардал
Өндөр нягтралтай дүрсийг хадгалах, дамжуулахад зардал өснө. Камерын өөрийн өртөг ч нэмэгдэнэ. Нягтралыг нэмэх шийдвэр нь камерын үнээр дуусдаггүй — хадгалах төхөөрөмж, сүлжээний ачаалал хоёр ард нь дагаж ирнэ.
Үүнийг таамаглах шаардлагагүй, тоогоор гаргаж болно. Хадгалах хэмжээ нь зөвхөн гурван зүйлээс шалтгаална — bitrate, хугацаа, камерын тоо:
Хадгалах хэмжээ = bitrate × хугацаа × камерын тоо ÷ 8
Нэг камер 1 Mbps-ээр тасралтгүй бичихэд хоногт 10.8 GB болно (1 ÷ 8 × 86,400 секунд).
| Нягтрал | Bitrate (оролт) | 1 камер / хоног | 100 камер / 30 хоног | Харьцаа |
|---|---|---|---|---|
| 2MP (1080p) | 2 Mbps | 21.6 GB | 64.8 TB | ×1 |
| 4MP | 4 Mbps | 43.2 GB | 129.6 TB | ×2 |
| 6MP | 6 Mbps | 64.8 GB | 194.4 TB | ×3 |
| 8MP (4K) | 8 Mbps | 86.4 GB | 259.2 TB | ×4 |
Хүснэгтийн гол мессеж нь тодорхой тоонууд биш, харин харьцаа юм: bitrate хоёр дахин нэмэгдэхэд хадгалах хэмжээ мөн хоёр дахин нэмэгддэг. 2MP-оос 8MP руу шилжихэд 65 TB байсан нь 259 TB болж, энэ зөрүү нь диск, сервер, сүлжээ гурваар дамжин төсөвт буудаг.
Бууруулах аргууд бий — хадгалах хугацааг богиносгох, хөдөлгөөнөөр бичих, хоёрдогч урсгалыг хөнгөлөх, эсвэл bitrate-аа бага тавих. Гэхдээ хамгийн энгийн арга нь тухайн орон зайд үнэхээр хэрэгтэй нягтралыг л сонгох юм.
Товчхондоо
“Илүү их бол илүү сайн” гэдэгт хууртах хэрэггүй
4MP камер авах гэж байгаа бол эхлээд хянах орон зайн хэмжээ, зөв байрлал, хадгалах төхөөрөмжийн зардлыг бодолцоорой. Ихэнх анги танхим, цэцэрлэг, оффисийн жижиг талбайд 2MP камер царайг тод харуулах, аюулгүй байдлыг хангахад хангалттай — өртөг нь ч хямд. Орон зайдаа тохирсон камер сонгоорой.
Тухайн орон зайд ямар нягтрал, ямар линз, ямар байрлал тохирохыг тооцоолж өгөхөд бид туслана.



